Дижитал маркетер Б.Саруулбаяр
Монголын дижитал маркетингийн орчин өнөөдрийн хэлбэрт ороогүй байсан 2010 онд би CCCP LLC компанид сошиал медиа маркетерийн ажлаас карьераа эхлүүлсэн. Тэр үед socialnet.mn буюу Монголын анхны сошиал медиа платформуудын нэгийг олон хэрэглэгчтэй болгох маркетингийн кампанит ажлуудыг хариуцаж байсан нь надад энэхүү салбарын суурийг тавьж өгсөн.
Датаком ХХК-д судалгаа хөгжлийн албаны удирдлагаар ажиллахдаа домэйн, хостинг, дижитал дэд бүтцийн бизнесийн загварыг ойлгосон нь дараа үеийн ажлуудад маш их нөлөөлсөн. 2014 оноос сошиал медиа маркетингийн үйлчилгээ, консалтингийн чиглэлээр Social Media Business LLC-г байгуулж, нийт 100 гаруй байгууллагын сошиал медиаг хариуцан ажилласан бөгөөд хамгийн амжилттай захиалга дээр борлуулалтыг 8 дахин нэмэгдүүлж, органик дагагчийг 50,000-аар өсгөж байсан.
2015 онд Монголд анх удаа интернет маркетингийн мэргэжлийн конференц (одоогийн Дижитал маркетингийн конференци) зохион байгуулж, 6 жилийн турш жил бүр давтан хийсэн нь салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэх тавцан болсон гэж үздэг. МҮХАҮТ-д брэндинг болон сошиал медиа стратегич албан тушаалтай хоёр жил ажилласны дараа дижитал маркетинг, маркетингийн технологи (MarTech), дижитал бизнесийн загвар, стартапын судалгаа зэрэг сэдвээр лавшруулан судлан Монголын бизнесийн орчинд тохирох дижитал маркетингийн стратегийн баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байна.
